top of page

Судалгааны үндсэн болон тэргүүлэх чиглэл

Тус хүрээлэн нь Монгол нутагт эртний хүн суурьшсан цаг үеэс Монголын эзэнт гүрэн, дундад зууны үе хүртэлх өргөн цаг хугацааг хамарсан судалгаа шинжилгээний ажлыг археологийн дурсгал, бичгийн эх сурвалжид тулгуурлан гүйцэтгэдэг бөгөөд судалгааны тэргүүлэх чиглэлийг Монголын эзэнт гүрний археологийн судалгаа, үндсэн чиглэлийг Монгол нутаг дахь эртний хүний үүсэл, суурьшил, хувьсал хөгжлийн судалгаа, Монголчуудын гарал, угсаа, соёлын судалгаа, Нүүдэлчдийн хот суурин, үйлдвэрлэхүйн хөгжлийн судалгаа гэсэн 3 чиглэлтэй байхаар Эрдмийн зөвлөл, ШУА-ийн Бага чуулганаар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тэргүүлэх чиглэл

XIII-XV зууны үеийн булш, хадны оршуулга, хот суурин, олдвор эд өлгийн зүйлсийн нарийвчилсан судалгааг гүйцэтгэж, Монголын эзэнт гүрний дэлхийн түүхэнд эзлэх байр суурь, ач холбогдлыг тодорхойлох, шинэ эх хэрэглэгдэхүүнийг бий болгоход гол анхаарал хандуулна.

Үндсэн чиглэл

Эртний хүний үүсэл, суурьшил, хувьсал хөгжлийн чиглэлээр Монгол нутагт хүн суурьшиж эхэлсэн цаг хугацааг тодруулах, багаж зэвсгийн технологийн хувьсал өөрчлөлт, шилжилт, нүүдэл суурьшлын зам, неолитын хувьсгал, мал аж ахуйн үүсэл хөгжил, антропологи, палеозоологийн судалгааг онцгой анхаарах бол Монголчуудын угсаа, гарлын судалгаагаар хүрэл, төмрийн үеийн соёл, харилцан хамаарал, хувьсал өөрчлөлтийн үйл явц, Хүннүгийн соёл, түүх, угсаа гарал, дундад эртний төрт улсууд, Монгол хүний ген, удмын сан, антропологи хэв шинж болон хадны зураг, бичээс дурсгалыг цогц байдлаар хамруулан судална. Нүүдэлчдийн хот суурин, үйлдвэрлэхүйн хөгжлийн чиглэлээр эртний хот, бэхлэлт, бууц, суурин, гар үйлдвэрлэлийн технологийн хөгжил, худалдаа, арилжаа, эртний зам, харилцаа, эртний ашигт малтмал олборлолт, төмөрлөг боловсруулалтын судалгааг орчин үеийн дэвшилтэд технологи, байгалийн шинжлэх ухааны олон арга зүйтэй хослуулан гүйцэтгэж, Монгол болон бүс нутгийн эртний түүхийн зангилаа асуудлуудыг шийдвэрлэх баримт үндэслэл бий болгоход төвлөрч ажиллана.

bottom of page