top of page
Search

“БУГАН ХӨШӨӨ, ХҮРЛИЙН ҮЕИЙН ХОЛБОГДОХ ДУРСГАЛУУД” ДЭЛХИЙН ӨВИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭГДЛЭЭ.

2023 оны 09 дүгээр сарын 10-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ.

Буган хөшөө нь хүрлийн цаг үеийн Төв Азийн нүүдэлчдийн бүтээсэн соёлын орон зайг танин мэдэх, нүүдэлчдийн угсаа гарвал, нийгэм, аж ахуй, соёл, овог аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон талт ой санамжийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг түүх, соёл, урлаг, гоо зүй, танин мэдэхүйн асар их мэдээллийг агуулсан, нандин, дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв юм.

Монгол Улс тус конвенцод 1990 онд нэгдэн орсноосоо хойш Дэлхийн өвийн жагсаалтад Увс нуурын ай сав газар (2003), Дагуурын ландшафт (2017), Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004), Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011), Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015) зэрэг 5 өвийн газрыг бүртгүүлээд байсан бол Буган хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд өвийн газрыг ийнхүү бүртгүүлснээр нийт 6 байгаль, соёлын өвийг бүртгүүллээ.

“Буган хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэхэд хамтран ажилласан Соёлын яам, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Байгаль, соёлын өвийг хамгаалах сан ТББ, МУИС-ын археологи-антропологийн төв болон тус ажилд хувь нэмэр оруулсан бусад бүх байгууллага, хүмүүст талархал илэрхийлье.





Comentarios


bottom of page