top of page

ШУА-ийн Археологийн хүрээлэн нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр археологийн судалгааг дагнан явуулдаг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага бөгөөд монголын эрт, дундад үеийн соёлын зангилаа асуудлыг дэлхийн шинжлэх ухааны өнөөгийн төвшинд судлан боловсруулах эрхэм зорилгыг удирдлага болгон ажиллаж ирлээ. Археологийн шинжилгээний ажил нь өөрийн өвөрмөц онцлогтой бөгөөд хээрийн хайгуул, малтлага судалгаа, баримтжуулалт, мэдээлэл боловсруулалт, эрдэм шинжилгээ, лаборатори, сан хөмрөг, мэдээллийн сан гэсэн олон шат дамжлагатай явагддаг.

2002 онд Археологийн хүрээлэн анх байгуулагдсанаар судалгааны ажил эрчимжиж, гадаад хамтын ажиллагаа өргөжин, хүний нөөцийн бодлогод онцгой анхаарсны үр дүнд өнгөрсөн хугацаанд 400 гаруй археологийн хээрийн шинжилгээний экспедицийг зохион байгуулан ажиллажээ. Дээрх судалгааны үр дүнд Монголын орны өнцөг булан бүрээс эртний түүхийн арвин баялаг хэрэглэгдэхүүн цугларч, шинжлэх ухааны олон чухал нээлтийг хийсэн байдаг.

Хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид 210 гаруй нэгэн сэдэвт зохиол, товхимол, хамтын бүтээл туурвиж олны хүртээл болгосны зэрэгцээ эрдэм шинжилгээний 720 гаруй өгүүлэл бичиж дотоод, гадаадын мэргэжлийн болон өндөр зэрэглэлтэй сэтгүүлд хэвлэн нийтлүүлж, 1200 орчим илтгэлийг олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж шинжлэх ухааны эргэлтэд оруулсан байна. Монголын эртний түүх төдийгүй дэлхийн археологийн шинжлэх ухаанд жинтэй хувь нэмэр оруулсан олон чухал нээлтийн чанартай судалгааг гүйцэтгэсэн юм.

Үүнээс заримыг дурдвал:

1. Монгол нутагт хүн амьдарч байсан он цагийг 800 мянган жил хэмээн тогтоосон нь урьд өмнөх судалгааг даруй 300 мянган жилээр урагшлуулав.

2. Монгол нутгаас нэн эртний хүний ясны үлдэгдлийг анх удаа илрүүлсэн нь дэлхийн шинжлэх ухаанд “Монголантропус” хэмээн нэрлэгдэв.

3. Цагаан агуйгаас МИС (тэнгисийн изотопын үечлэл)-ийн 3 дугаар үед буюу 60-27.000 жилийн тэртээд явагдсан байгаль цаг уурын огцом өөрчлөлтийн явцад мөхсөн Кноблохын аварга биет тэмээний ясыг анх удаа илрүүлж олон улсад зарлав. Уг тэмээ нь одоогийн хоёр бөхтэй тэмээнээс 1.5 м илүү өндөр ажээ.

4. Хүрэл зэвсгийн үед холбогдох “Хэмцэг”, “Цэнгэл”, “Сагсай”, “Улаанзуух” зэрэг шинэ соёл, хэлбэрийн дурсгалыг нээж шинжлэх ухааны эргэлтэд оруулав.

5. Монгол Алтайгаас түрүү төмрийн үеийн Пазырыкийн соёлын “Цэвдгийн булш” -ийг анх удаа нээн илрүүлсэн нь 2006 оны Дэлхийн археологийн шилдэг 10 нээлтийн нэгд тооцогдов.

6. Монгол нутаг дахь Хүннүгийн үеийн дурсгалын тоог нарийвчлан гаргаж нийт 480 дурсгалт газар 13,100 гаруй булш, хот суурин, үйлдвэрлэлийн газар, хадны зураг бүртгэн Монгол нутаг дахь хүннүгийн археологийн дурсгалуудын тархцын зургийг үйлдэж, газрын зураг хэлбэрээр хэвлүүлэв. Мөн Ноён уул, Гол мод, Дуурлиг нарс, Бэлхийн амны хүннүгийн язгууртны булшинд малтлага судалгаа гүйцэтгэж, олон чухал хосгүй үнэт, үнэт олдворуудыг нээн илрүүлж, хүннүчүүд монголчуудын өвөг болохыг археологийн шинэ баримтаар баяжуулан баталгаажуулав.

7. Түрэгийн Билгэ хааны тахилын онгоныг малтан судалж 4000 гаруй хосгүй үнэт олдворыг анх удаа нээн илрүүлж, музей байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлэн, аялал жуулчлалын томоохон бүтээгдэхүүн болгов. Хожуу Түрэгийн хаант улсын хаад, язгууртанд зориулсан 80 гаруй тамга, 2500 үсэг зурлагатай 13 тооны гэрэлт хөшөө бүхий цогцолбор дурсгалыг нээн судалж Төв Ази дахь руни бичгийн дурсгалыг баяжуулав.

8. Түрэгийн хаан Билгэ, жанжин Культегин, мэргэн сайд Тонюкук зэрэг хаад, язгууртны тахилын онгонд цогцлоосон түрэгийн хаант улсын түүхийг өгүүлэх гэрэлт хөшөөд илэрснээс хойш 100 гаруй жилийн дараа Хожуу Түрэгийн хаант улсыг байгуулсан Кутлуг Элтэрэс хааны тахилын онгоныг Орхоны хөндий Номгон хэмээх газраас илрүүлж, хос чонын дүрслэлтэй, руни, согд бичээст гэрэлт хөшөөний бичиг үсгийн үнэт эх сурвалжийг судалгааны эргэлтэд оруулаад байна.

9. Алтай нуруунаас нүүдэлчдийн хөгжмийн зэмсгийг олж түүнийг “Алтайн ятга” хэмээн алдаршуулав.

10. Чингис хааны “Их Аураг” хотын туурийг судалгааг үргэлжлүүлж, музей судалгааны төв байгуулж, хадгалж хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг хийж гүйцэтгэв.

11. Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын тууриас үйлдвэрлэлийн олон төрлийн газар, сууцны үлдэц, “Цогт эх гэрийн сүм”-ийг нээн судалж, олон арван хосгүй үнэт, үнэт олдворуудыг илрүүлж, хотын геомагнетик, гадаргын иж бүрэн зураглал, макетыг боловсруулж Хархорум музей байгуулах суурь нөхцөлийг бүрдүүлэв.

12. Монголын зүүн бүс нутгаас Их Монгол Улсын хаад, язгууртны баялаг олдвор бүхий булш оршуулгын цогцолбор дурсгалын судалгааг гүйцэтгэж, олон арван үнэт олдворуудыг нээн, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулаад байна.

13. Тус хүрээлэнгээс сүүлийн жилүүдэд “Монголын археологийн өв“ зурагт цурвал 13 боть, “Монголын археологийн шинэ судалгаа“ нэгэн сэдэвт бүтээлийн цуврал 8 боть, “Монголын археологи: Хээрийн судалгааны хэрэглэгдэхүүн“ тайлангийн эмхэтгэл цуврал 12 боть бүтээлийг хэвлүүлж нийтийн хүртээл болгосон нь эрэлттэй ном болжээ.

Археологийн хүрээлэнгээс хэвлүүлсэн ном бүтээл нь олон улсад танигдаж, дэлхийн археологийн шинжлэх ухаанд өөрийн гэсэн байр суурийг эзэлж байна.

bottom of page