top of page

Projects

САН ХӨМРӨГ, БҮРТГЭЛ

Тус хүрээлэнгийн Сан хөмрөг лабораторийн салбарт Монгол улсын нутаг дэвсгэрт хийгдсэн археологийн хайгуул, малтлага судалгааны үр дүнд бүрдүүлсэн түүхийн бүх үед хамаарах олдворын сан хөмрөг, эртний хүн, мал, амьтны ясны хамгийн том цуглуулга хадгалагдаж байна. Археологийн олдворын сан хөмрөгийн зарим хэсгийг Соёлын өвийн үндэсний төвийн шинэ байранд нүүлгэн шилжүүлж, хадгалалт, хамгаалалтын тоног төхөөрөмжөөр хангах ажлыг 2021-2022 онд хэрэгжүүлснээр үе үеийн археологич, судлаачдын хүч хөдөлмөрөөр буй болсон олон арван мянган олдвор хэрэглэгдэхүүнийг аюулгүй, бүрэн бүтэн хадгалж хамгаалах, эртний хүн, мал, амьтны ясны цуглуулгыг нэг дор төвлөрүүлэн, судалгааны эргэлтэд оруулах, сан хөмрөгт гадаад, дотоодын судлаачид ажиллах таатай орчин нөхцөл бүрдэж байна. Эдгээр сан хөмрөгтөө нийт 223 254 (хоёр зуун хорин гурван мянга хоёр зуун тавин дөрвөн) ширхэг олдвор хэрэглэгдэхүүнийг бүртгэн баримтжуулсан байна.

СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ЛАБОРАТОРИ

БНСУ-ын Соёлын өвийн ерөнхий газраас 2011 онд хэрэгжүүлсэн техникийн туслалцааны төсөлд шалгаран олгогдсон төмөрлөг эдлэл сэргээн засварлах

таван нэр төрлийн шинэ тоног төхөөрөмжтэй болсноор улсын хэмжээнд анхны төмөрлөг эдлэл сэргээн засварлах лаборатори болон байгуулагдсан.

Ийнхүү сэргээн засварлах лаборатори байгуулагдсанаас хойш соёлын өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны арга зүй, стандартыг баримтлан ажиллаж, 451 ширхэг археологийн төмөрлөг олдвор, 1170 ширхэг шавар ваар сав, шашны эд зүйлс, 62 ширхэг мод, яс болон үйсэн эдлэл зэрэг нийт 1683 нэгж олдвор хэрэглэгдэхүүнд хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын ажил хийж, судалгаа шинжилгээний эргэлтэд оруулан, урт удаан хугацаагаар хадгалагдан музейн үзмэрт тавигдах боломжийг бүрдүүлж хүлээлгэн өгсөн байна./зураг/

Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухаан өндөр хөгжсөн БНСУ, Япон, Тайван, АНУ зэрэг орнуудын лабораторид суралцаж, дадлага туршлага хуримтлуулан ажилласнаар археологийн төмөрлөг болон шавар олдворыг сэргээн засварлах арга зүйг нутагшуулж, өөрийн орны олдворын онцлогт тохирсон зарим арга туршлагыг бий болгон ажиллаж байна. Тус хүрээлэнгийн хамтарсан төслийн хүрээнд ажилладаг гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахын зэрэгцээ лаборатори түшиглэсэн сургалтыг БНСУ, Япон улсын мэргэжилтэн судлаачидтай хоёр удаа хамтран зохион байгуулсан. Тус хүрээлэнгийн лабораторийг түшиглэн БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран “Металл эдлэл сэргээн засварлах арга зүй” сургалтыг 2013 оны 9-р сард, “Трехалос сахрын уусмалыг археологийн олдвор сэргээн засварлахад ашиглах нь” сэдэвт сургалтыг Япон улсын Осака, Кёото Их сургууль, Нарагийн соёлын өвийн судалгааны хүрээлэнтэй хамтран 2016 оны 11-р сард зохион байгуулав./зураг/ Япон улсын шинэ дэвшилтэт технологи болох сахрын уусмалыг органик олдворыг бэхжүүлэх ажилд туршсан анхны онол практикийн сургалт үр дүнтэй болсноор Монгол улсад энэхүү аргаар археологийн модон эдлэлийг сэргээн засварлахдаа уг бодисыг ашиглах үндэс суурийг тавьж соёлын өвийн хадгалалт, хамгаалалтад нэгэн шинэ арга зүй нэвтрэн нутагшиж байна.

АУРУГ ОРДЫН СУДАЛГАА

Манай хүрээлэнгийн судалгааны нэгэн томоохон талбар бол эзэн Чингис хааны өлгий нутаг, Хан Хэнтий нуруу орчмын археологийн дурсгалын мэдээллийн сан ба тухайн дурсгалуудын хадгалалт хамгаалалтын ажил билээ. Энэхүү судалгааны ажлууд тэртээ 1990 оноос эхтэй бөгөөд түүнээс хойш олж илрүүлсэн дурсгалт газрууддаа малтлага судалгааны ажлуудыг хийн эзэн Чингис хааны хийгээд түүний залгамжлагчдын түүхийг археологийн хэрэглэгдэхүүнээр баяжуулсаар байна. Үүнд, Аваргын балгасын туурь, Таван Хайлаастын чулуун дарааст булш, Ханзат хотын туурь зэрэг газруудад хийгдэж буй судалгааны ажлуудыг дурдаж болно.

Аваргын голын хөвөөнөө, Рашаан дэрсний ухаа хэмээх газарт “Аваргын балгас” гэх эртний хотын үлдэгдэл бий. Хотын гадуур хэрэмгүй, эмх цэгцтэй гудамласан олон барилгын сууриудтай бөгөөд нийтдээ 1 км2 талбайг эзэлнэ. 1950-иад онд эрдэмтэн Х.Пэрлээ эл туурийг Чингис хааны их орд “Ауруг” мөн хэмээн тогтоон, 1961-1976 онуудад хэд хэдэн удаа судалгаа хийжээ. Хожим 1992 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд туурийн дэвсгэр зургийг үйлдэн, хэд хэдэн цэгт геофизикийн судалгаа явуулсан байна. Улмаар 2001 оноос Монгол-Японы хамтарсан “Шинэ зуун” төслийн хүрээнд нарийвчилсан малтлага судалгааны ажлыг байгалийн шинжлэх ухааны олон талын судалгааны үр дүнтэй нэгтгэн гүйцэтгэж, XII-XIV зууны үед холбогдох Чингис хааны “Их Орд”, Монголын эзэнт гүрний эхэн үеийн улс төр, эдийн засгийн төв, хожим нь онгон шүтээний хамгийн хүндтэй газар байсныг баттай тогтоосон нь Х.Пэрлээгийн судалгааг давхар нотолсон юм. Хот нь гар урлал, тариалангийн хороолол, шүтээний сүм, тусгай хана хэрмүүд болон орд харшийн барилга гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд малтлагын явцад он цагийн хамаарал, түүхэн учир холбогдлыг тодорхойлох олон чухал олдвор илэрч олдсон байдаг.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ

Чингис хаан 1220 онд Хорезм улсад довтлохын өмнө Хархорумыг улсын нийслэл болгох зарлиг буулгасан байдаг. Өгэдэй хааны үеэс Хар хорум хот сүндэрлэн босож, Гүег, Мөнх хаадын үед цэцэглэн хөгжиж, дэлхийн талыг эзлэсэн Монголын эзэнт гүрний нийслэл, олон газрын гийчдын хөлд дарагдсан том хот болсон нь бичгийн сурвалжаар батлагддаг. Энэ хотыг эрж хайх, судлахаар зорин ирэгсэд Монголын археологийн судалгааны шанг татсан гэхэд буруутахгүй. Хар хорум хотын туурийг судлах ажилд үе үеийн судлаачдын хүч хөдөлмөр шингэсэн. 1999 оноос Монгол-ХБНГУ-ын Ерөнхийлөгчдийн ивээл дор Монголын эртний нийслэл Хархорум хотын туурийг судлах далайцтай археологийн судалгааны ажил эхэлсэн бөгөөд өдгөө ч амжилттай үргэлжилж байна.

Сүүлийн үеийн судалгааны үр дүнд Хар хорум хотын талаарх ойлголт шинэ түвшинд гарчээ. Тухайлбал, 1949 оны малтлагаас хойш Өгэдэй хааны “Түмэн амгалант ордон” хэмээн таамаглаж ирсэн их барилгын туурь Буддын шашны сүрлэг том сүмийн үлдэгдэл болох нь тодорхой болсон. Энэ сүмийн туурийг археологичид малтан судлаж, ил музей болгон тохижуулсан юм. Түүнээс гадна хамтарсан төслийн судлаачид хотын “худалдаа гар-үйлдвэрлэл”-ийн дүүрэгт малтлага судалгааны ажил гүйцэтгэж, гар үйлдвэрлэл, худалдаа арилжаа далайцтай өрнөж байсныг нотлон харуулах хэв цутгах халбага, алт мөнгөний сорьц шалгадаг чулуу, үнэт эдлэлийн дархны чухал хэрэглэгдэхүүн болох шаазан савтай мөнгөн ус зэрэг сонирхолтой олдворуудыг илрүүлсэн байдаг. Мөн хотын төв хэсгээс шил болон үнэт чулуу боловсруулах, ялангуяа ясаар төрөл бүрийн багаж зэвсэг, гоёл чимэглэлийн зүйл хийж байсан, үйсээр ахуйн хэрэгцээний олон янзын эдлэл хийж байсан ул мөрийг ч илрүүлжээ.

Өдгөө Өвөрхангай аймгийн Хар хорин суманд орчин үеийн тоноглол бүхий “Хар хорум музей” байгуулагдан үйл ажиллагаа явуулж буй бөгөөд тус музейг байгуулахад хүрээлэнгийн судлаачдын судалгаа шинжилгээний үр дүн чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

ТҮРЭГИЙН ЯЗГУУРТНЫ ТАХИЛЫН

Хөх Түрэгийн хаант улсын язгууртан, хаад ихсэд зориулан босгосон тахилын онгон Монгол улсын нутагт цөөнгүй бий. Тэдгээрийн дотроос руни болон согд бичиг бүхий гэрэлт хөшөө, олон тооны хүн чулуу, тахилын сүм зэргээс бүрдэх хаадын онгонууд нь дэлхийд алдартай юм. 2001 онд тус хүрээлэнгийн судлаачид Турк улсын ТИКА байгууллагатай хамтран Хөх Түрэгийн хожуу хаант улсын Билгэ хааны тахилын онгоны малтлага судалгааг хийж, алтан титэм тэргүүт хэдэн мянган олдворыг илрүүлж дэлхийг шуугиулж байв.

Сүүлийн жилүүдэд Олон Улсын Түрэг Академитай хамтарсан төслийн хүрээнд Булган аймгийн Баян-Агт сумын нутагт орших “Шивээт улааны цогцолбор”, Архангай аймгийн Хашаат сумын нутаг “Номгоны цогцолбор”-т археологийн малтлага судалгаа хийсэн. Шивээт улааны дурсгал нь өндөр хэрмээр хүрээлүүлсэн найман талт гол чулуун байгууламжтай, олон хөшөө чулуудаас бүрдсэн асар том тахилын цогцолбор болох нь тогтоосон. Малтлага судалгааны явцад 2 хүн чулуу, 3 арслангийн хөшөөг шинээр олж илрүүлэн бүртгэн баримтжуулжээ.

Шивээт Улааны цогцолбор дурсгалыг өмнө нь хожуу Түрэгийн хаант улсын Кутлуг хаан (Элтэрис)-ийн хүндэтгэлд зориулан байгуулсан хэмээн үздэг байсан бол малтлага судалгаа хийснээр 667-691 оны үед хамаарах Тэлэ-Уйгурын удирдагчид холбогдох дурсгал болох нь тодорхой болж байна. Харин Номгоны цогцолборт хийсэн 2022 оны малтлага судалгааны үр дүнд Кутлуг хааны гэрэлт хөшөөний хэсгийг илрүүлсэн нь томоохон нээлтэд зүй ёсоор тооцогдож байна.

ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ БУЛШНЫ СУДАЛГАА

Тус хүрээлэнгийн судлаачид Ноён уулын дурсгалаас гадна Дуурлиг нарс, Гол мод, Чихэртийн зоо зэрэг газруудад Хүннүгийн язгууртны булш, Бурхан толгой, Баруун Бэлсэг, Бага газрын чулуу, Дэлгэрхаан уул, Чандмань хар уул, Тамирын улаан хошуу зэрэг олон газарт цагариг хэлбэрийн чулуун дарааст булшны малтлага судалгаа хийж Хүннүгийн соёлыг шинээр бичих хэмжээний шинэ нээлтүүдийг хийжээ.

Гол модны дурсгалт газарт Францын Гимей музейтэй хамтарсан төслийн хүрээнд Хүннүгийн язгууртны булшны малтлага явуулж “бэлгэт гөрөөс” хэмээх ганц эвэрт домгийн амьтны дүрслэл бүхий адууны мөнгөн тоног, хөлөгт тоглоом зэрэг сонирхолтой ховор олдворууд илрүүлсэн. Дуурлиг нарсны дурсгалт газарт Солонгосын Үндэсний музейтэй хамтарч малтлага судалгаа хийж байна. Дуурлиг нарсны дурсгалт газарт 300 булш бүртгэсэн бөгөөд оршуулгын газрын баруун өмнөд хэсэгт хийсэн малтлага судалгааны үр дүнд хүрэл тогоо, хүрэл толь, дэнгийн цөгц, авсны алтан чимэг, чий будагтай аяга, хар будагтай сүйх тэрэгний үлдэгдэл, номин чулуун чимэг, хаш эдлэл зэрэг судалгааны үнэ цэн бүхий олдворууд илрүүлж, хүннүгийн язгууртны булшны бүтэц, зохион байгуулалтын онцлогийг нарийвчлан тодорхойлсноос гадна тоногдож сүйтгэгдсэн он цагийн асуудлыг тодруулж чаджээ. Дуурлиг нарсны дурсгалт газарт өдгөө малтлага судалгааны ажил үргэлжилж буй 160-р булш нь Монголд малтлага судалгаа хийж буй хамгийн том хэмжээтэй язгууртны булшны нэг бөгөөд үүдэвчний хамт 80 м урттай юм.

Чихэртийн зоо хэмээх 300 орчим булштай дурсгалт газар нь Төв аймгийн Баянцагаан сумын нутагт оршино. Энэ газарт 20 м голчтой цагариг хэлбэрийн чулуун дарааст хүннү булшийг Монгол-Солонгосын хамтарсан төслийн хүрээнд судалгаа хийжээ. Булшны нүх 12 м гүн байснаас гадна 4 дугуйт сүйх тэрэг дагалдуулсан модон бунхант оршуулга илэрсэн байдаг. Чихэртийн зоод малтсан булшны хэрэглэгдэхүүн нь цагариг хэлбэрийн булшийг “жирийн иргэд”-д хамаатуулж ирсэн үзлийг өөрчлөхөд хүргэсэн ба Хүннүгийн булшны холбогдох он цагийг ч урагшлуулах боломжийг олгосноор чухал ач холбогдолтой судалгаа болжээ.

ПАЛЕОАНТРОПОЛОГИ, АРХЕОЗООЛОГИЙН СУДАЛГАА

Салбарын судалгааны гол чиглэл болох палеоантропологи-археозоологийн лабораторид 1960-аад оноос өнөөг хүртэл Монгол нутагт явуулсан археологийн малтлага судалгааны үр дүнд илрүүлэн олсон нийт 1800 орчим хүн, мал, амьтны ясны цуглуулгатай бөгөөд энэ нь улсын хэмжээнд хамгийн томд тооцогдоно. Эдгээр олдворууд нь дээд палеолитын үе буюу 35 мянган жилээс XX зууны үед холбогдох ба Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээний томоохон ач холбогдол бүхий судалгааны бааз бөгөөд сүүлийн жилүүдэд Америк, Япон, Солонгос, Франц, Герман зэрэг орны эрдэмтэн судлаачидтай хамтран хүн, малын ясны нарийвчилсан хэмжилт, генетик, изотопын судалгаа хийж байна.

ХАРХУЛ ХААНЫ БАЛГАС

Хүрээлэнгийн судалгааны тэргүүлэх чиглэл бол “Монголын эзэнт гүрний археологийн судалгаа” юм. Энэ хүрээнд сүүлийн жилүүдэд Монголын эзэнт гүрний үед холбогдох хот суурин, булш оршуулга, хадны оршуулга зэрэг дурсгалуудыг шинээр илрүүлэх, чухал ач холбогдолтой дурсгалт газруудад малтлага судалгаа хийх, нэгдсэн бүртгэл мэдээллийн сан бий болгох, олдвор эд зүйлсийн талаарх нарийвчилсан судалгааны ном бүтээл бичих, лабораторийн шинжилгээ хийх зэрэг цогц ажлуудыг төлөвлөн хийж байна.

Хангай нурууны ар бие Хануй голын уужим хөндийд төвхнөн суурьшиж асан Хархул хааны балгас хэмээх эртний хотын туурь 1870-аад оноос гадаадын аялагч, судлаачдын тэмдэглэлд дурдагдаж, 1950-аад оноос үндэсний судлаачдын анхаарлыг татаж, 1980-1990 онд Хархорум шинжилгээний анги малтлага явуулж, гурваас доошгүй цаг үед бүтээгдсэн болохыг тодорхойлж, тэдгээрийн нэг нь Хархорум хотын зарим барилга байгууламжтай нэгэн үед холбогдоно хэмээн үзсэн байдаг. 2017-2019 онд Монгол-Германы хамтарсан “Хархул хааны балгасын геомагнетик болон археологийн хайгуул судалгаа” төслийн хүрээнд Хануй голын савд нарийвчилсан хайгуул гүйцэтгэж неолитын үеийн 200 орчим булш, хүрэл зэвсэг, хүннү, түрэг, монгол гүрний үеийн 150 орчим дурсгал, Хархул хааны балгас хэмээх эртний хотын барилгын материал, тоосго үйлдвэрлэж байсан 40 орчим зуух шинээр илрүүлж, малтлага судалгаагаар зуухны бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлж, XIII-XIV зууны үед холбогдож буйг тогтоогоод байна. Мөн геомагнетикийн судалгаагаар Хархул хааны балгасын бүсийн дэвсгэр зургийг үйлдэж, огтлолцсон өргөн чөлөө бүхий олон барилга, байгууламжтай, төлөвлөлтийн дагуу байгуулсан томоохон хот байсныг баталгаажуулсан юм. Хархул хааны балгас хэмээх нэршил нь Чингис хааны алтан ургийн залгамж Минхай Хархул ноёны амьдрал үйл ажиллагаатай холбогдох боломжтой бөгөөд сүрлэг сайхан орд өргөөтэй, олон хүн амтай, цэцэглэн хөгжсөн хот суурин байгаад сүүлчийн эзэн ноёныхоо нэрийг хадгалан, түүхийн гэрч болон үлдсэн нандин өв дурсгал юм.

ХАДНЫ ОРШУУЛГЫН СУДАЛГАА

Хадны оршуулгын дурсгал нь Алтай, Хангай, Хэнтийн нуруу болон говийн уулархаг нутгаас түгээмэл илэрдэг. Одоогийн байдлаар нийт 120 гаруй оршуулга илэрч судлагдсан байна. Ийм төрлийн дурсгал Монголоос өөр газар нэн ховор тохиолддог бөгөөд гадаадын судлаачид “Монголын археологийн онцгой төрлийн дурсгал” хэмээн нэрлэдэг.

Хадны оршуулгын гол онцлог нь хуурай сэрүүн орчинд эд өлгийн зүйлс маш сайн хадгалагддаг давуу талтай. “Алтайн ятга”, “Adidas” гутал гэх мэт хөрсөнд удаан хадгалагдан үлдэх боломжгүй олдворууд зөвхөн хадны оршуулгын дурсгалаас илэрдэг. Судалгааны үр дүнгээс үзэхэд хадны оршуулга нь тал нутгийн нүүдэлчдийн дунд өргөнөөр ашигладаг оршуулгын хэлбэрийн нэг болсон байжээ. Сүүлийн жилүүдэд хадны оршуулгын дурсгалын талаар эрдэм шинжилгээний олон чухал бүтээл хэвлэгдэн нийтийн хүртээл болсон байна. Тухайлбал, 2010 онд “Дугуй Цахирын хадны оршуулгын дурсгал”, 2012 онд “Хадны оршуулгын судалгааны зарим асуудал”, 2014 онд “Талын морьтон дайчдын өв соёл”, 2017 онд “Хадан гэрийн соёл”, “Монгол нутаг дахь хадны оршуулгын дурсгалын судалгаа”, 2022 онд Монголын археологийн өв цувралын хүрээнд “Монголын хадны оршуулгын дурсгал” зэрэг ном бүтээл хэвлэгдсэн ба эрдэм шинжилгээний олон арван өгүүлэл, илтгэл нийтлэгджээ.

УЙГУРЫН НИЙСЛЭЛ ОРДУ БАЛЫК ХОТ

Уйгурын нийслэл Орду Балык буюу Хар балгас хэмээн алдаршсан хотын туурь Архангай аймгийн Хотонт сумын нутаг, Орхон голын баруун эрэгт бий. Энэхүү хот нь VIII-IX зуунд оршин тогтносон нүүдэлчдийн байгуулсан хамгийн том хотын нэг төдийгүй эртний худалдааны замын зангилаа болсон олон хэлийн хүмүүс амьдарч байсан худалдаа, соёлын томоохон төв байжээ. Уйгурын нийслэл Хар балгасын чухал төв хэсгүүдэд Монгол-Германы хамтарсан Орхон экспедиц өргөн хэмжээний судалгаа хийж байна. Судалгааны үр дүнд хотын барилга байгууламж 44 квадрат километр талбайг эзлэн оршиж байгааг тодорхойлжээ. Хотын хоймор хэсэгт орших “Ордон хот”-ын тусгай хэрэмт барилгад малтлага хийснээр эртний худаг, харьцангуй бүтэн хадгалалттай барилга байгууламж, хайрга дэвсэж хийсэн чулуун замын үлдэгдэл зэрэг хотын барилга архитектурын онцлогийг тал бүрээс харах боломжтой хэрэглэгдэхүүнийг илрүүлсэн ба олон хэсэгт хийсэн малтлага судалгааны үр дүнд хотын бүтэц зохион байгуулалтыг эргэн харах, хотын амьдралыг нэхэн сэргээж ойлгох боломж бүрджээ.

НҮҮДЭЛЧДИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТҮҮХИЙН СУДАЛГАА

Тус хүрээлэнгээс Японы судлаачидтай хамтран 2011 оноос “Нүүдэлчдийн үйлдвэрлэлийн түүх” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгурын үед холбогдох төмрийн хүдэр хайлуулах зуухны үлдэгдлийг илрүүлэн малтлага судалгаа хийснээр нүүдэлчдийн үйлдвэрлэлийн түүхийг шинээр төсөөлөх хэмжээний чухал үр дүнд хүрсэн.

Хүннүгийн үед холбогдох дурсгалууд нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хустын Булаг, Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Зүүн үлийн адаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Булгийн ам, Увс аймгийн Түргэн сумын Гүнг, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хар чирх дурсгалууд болно. Эдгээр дурсгалуудаас гарсан төмрийн хүдэр хайлуулах зуух нь он цагийн хувьд НТӨ II зууны сүүл үеэс НТ I зууны төгсгөл хүртэл хамаарч байна. Эдгээр төмрийн хүдэр хайлуулах зуухтай адил хэлбэр, төрөлд хамаарах дурсгалууд нь Байгал нуур, Тува, Минусийн хотгор зэрэг бүс нутагт тархсан байдаг нь сурвалжийн мэдээнд тэмдэглэгдэн үлдээгүй Хүннүгийн үеийн төмөр үйлдвэрлэл өргөн бүс нутгийг хамарч, дотоодын төмөр үйлдвэрлэлийг өргөн хүрээнд явуулж байсныг археологийн баримтаар тодруулсан чухал баримт болоод байна.

Мөн Хустын булагийн дурсгалаас шавар эдлэл шатаах зуух илрүүлэн малтлага судалгаа хийсэн. Эдгээр ваар шатаах зуухнууд он цагийн хувьд НТӨ I зуунаас НТ I зуун эхэн үед хамаарна. Эдгээр үйлдвэрлэлийн ул мөрийг судалсны үр дүнд хүннү нар дотооддоо барилгын болон ахуйн хэрэглээний шавар эдлэлийг үйлдвэрлэж, хэрэгцээний төмөр үйлдвэрлэлтэй байсныг нотлох чухал баримтыг нээсэн юм.

ХҮННҮГИЙН ХОТ, СУУРИНЫ СУДАЛГАА

Нүүдэлчдийн дотроос нэгдсэн төр улсыг анхлан байгуулж, бүс нутгийн хамгийн хүчирхэг гүрнийг байгуулсан Хүннү нарт холбогдох хот суурины дурсгал Монгол болон хөрш бүс нутгаас 20 гаруй илэрсэн байдаг. Монгол нутгаас 17 хот, суурин газрын ул мөр илэрч судлагдсан нь нийт дурсгалын дотор дийлэнхийг эзлэхээс гадна тэдний төв нутаг байсны нэг баталгаа болдог. Хүннүгийн хот суурины дурсгал нь язгууртны орд өргөө, гар урчуудын тосгон суурин, хилийн бэхлэлт зэрэг хэдэн төрөлд хуваагдах бөгөөд сүүлийн жилүүдэд Гуа дов, Хүрээт дов, Шувуутайн хэрэм зэрэг язгууртны орд өргөө, Бороогийн суурин, Зүүн Байдлагийн дурсгал зэрэг гар урчуудын суурин газрын үлдэгдэлд хүрээлэнгийн судлаачид дангаар болон гадаадын судлаачдын хамт малтлага судалгаа хийж, олон улсын зүгээс ихээхэн анхаарал татаж байна. Тухайлбал, Монгол-Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн баг Хэрлэн голын савд байрлах Гуа дов дурсгалд малтлага судалгаа, геофизикийн тандалт хийснээр дөрвөн талт хашаагаар хүрээлүүлсэн вааран дээвэрт язгууртны орд өргөөний туурийг илрүүлсэн ба уг язгууртны ордны зүүн өмнөд хэсэгт хүний гараар бүтсэн цөөрөм байсныг олж тогтоожээ. Мөн дурсгалт газраас илэрсэн органик зүйлсэд радио-карбоны задлан шинжилгээ хийснээр НТӨ II зууны сүүлийн хагасаас НТӨ I зууны дунд үед холбогдохыг тогтоосон нь Гуа дов дурсгал Хүннү гүрний улс төрийн төв говийн хойно шилжсэнээс хойших үед байгуулагдсан язгууртны ордны туурь болохыг харуулж байна.

bottom of page