top of page

Projects

НОЁН УУЛЫН ХҮННҮ БУЛШ

Евразийн өргөн уудам нутгаас Хүннү нарт холбогдох 15 мянга гаруй булш оршуулга илэрч мэдэгдээд байгаагийн дийлэнх буюу 13 мянга гаруй нь Монгол улсын нутагт байна. Эдгээрээс хамгийн алдартай нь Ноён уулын хүннүгийн язгууртны оршуулгын дурсгал юм.

Ноён уул нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Мандал сумын заагт оршино. Уулын баруун талын Сүжигт, өмнөд талын Журамт, зүүн талын Хужирт гэсэн 3 аманд нийт 300 орчим булш бий.

ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран “Ноён уулын булшны археологийн судалгаа” эрдэм шинжилгээний төслийг хэрэгжүүлж, 4 язгууртны булшийг малтан шинжилсэн. Ноён уулын булшнууд нь хөрсний онцлогоос хамаарч оршуулгын хэсэгт байх модон байгууламжууд харьцангуй сайн хадгалагдсан байдаг ба хүн амьтны дүрсийг өнгийн утсаар хатгасан нэхмэл эдлэл, домгийн амьтдын дүрсийг зээглэн чимэглэсэн эсгий ширдэг, Грек-Ромын домгийн бурхдын дүрст хөөмөл мөнгөн эдлэл, хятад бичигтэй чий будагтай аяга, олон төрлийн алт, мөнгө, үнэт чулуун эдлэлүүд, хүрэл сав суулга, том шавар ваар зэрэг ховор содон олдворууд илэрч олджээ. Судлаачид олдвор эд өлгийн зүйлд хийсэн он цаг тогтоох судалгаагаар НТӨ I – НТ I зуунд хамаархыг тогтоосон байна.

Ноён уулын шинэ судалгааны үр дүнгээр тус хүрээлэнгээс тусгай үзэсгэлэн бэлтгэн 2021 оны 11-р сараас 2022 оны 9-р сар хүртэл Монголын Үндэсний музейд дэглэн тавьж нийтийн хүртээл болгосон.

ХҮРЭЛ ЗЭВСГИЙН ҮЕИЙН БУЛШ, ХӨШӨӨ ДУРСГАЛЫН СУДАЛГАА

Саяхныг хүртэл Монгол орны хүрэл зэвсгийн үеийг хиргисүүр, дөрвөлжин булш, буган чулуун хөшөөгөөр төсөөлдөг байв. Хүрээлэнгийн судлаачдын судалгаа шинжилгээний үр дүнд хүрэл зэвсгийн үеийн Хэмцэг, Сагсай хэлбэрийн булш, түрүүлгэ нь харуулсан оршуулгат булш зэрэг олон соёлуудыг шинээр нээж судалснаар хүрэл зэвсгийн үеийг дотор нь эхэн, дунд, төгсгөл шатанд хувааж үзэх боломж бүрдсэн. Мөн эдгээр соёлуудын тархцын хүрээ, бүс нутгийн нөлөөлөл, хоорондын харилцан хамаарал, эзэн холбогдогчийн асуудал зэрэг судалгааны маргаан дагуулдаг олон асуудлууд цэгцэрч байна. Сүүлийн үеийн судалгааны үр дүнд Монгол болон бүс нутагт тархсан буган чулуун хөшөөний нэгдсэн бүртгэлийг хийж, өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд хийгдсэн судалгааг нэгтгэн “Монгол ба бүс нутгийн буган хөшөөд” 3 боть бүтээлийг хэвлүүлсэн. Түүнээс гадна олон үеийн булш оршуулгын дурсгалын судалгааны үр дүнг нэгтгэн авч үзсэний үндсэн дээр хүрэл зэвсгийн төгсгөлийн шатанд холбогдох “дөрвөлжин булшны соёл”-ыг өвөг монголчуудын үлдээсэн дурсгал гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн нь Монгол үндэстний угсаа гарвалийн асуудлыг шинэ шатанд гаргасан чухал үр дүн болсон бөгөөд цаашдын судалгааны чиг хандлагыг тодорхойлсон явдал болжээ.

РАШААН ХАДНЫ ЧУЛУУН ЗЭВСГИЙН СУДАЛГАА

Монгол орны Хэнтий нуруу, түүнээс эх авдаг томоохон голуудын хөндий дэх дурсгалуудаас Рашаан хадны дурсгал нь Монголын эрт үеийн түүхэнд холбогдох олон цаг үеийн дурсгал нэг дор байдаг учир археологичдын анхаарлыг татаж, олон жилийн турш судалгааны ажил хийгдсээр иржээ.

2011-2012, 2014 онуудад малтлага хийж, судалгааны үр дүнд дунд палеолитын төгсгөл үе буюу 60.000 жилийн өмнө өргөн тархсан сонгодог мусьтегийн аргаар үйлдвэрлэгдсэн үзүүр мэс, төрөл бүрийн хусуур зэвсгүүд байгааг илрүүлэн эртний хүн энэ бүс нутагт амьдарч байсан он цагийг урагшлуулсан бол дээд палеолитын үед холбогдож буй давхаргаас чулуун зэвсгийн хамт олон тооны эртний амьтны ясны үлдэгдэл олдсоны дотор залуу амьтны урд мөчний залаа яс (Ulna)-ыг ашиглан шовх хэлбэрээр засаж хийсэн зэвсэг болон хурц зүйлээр зүссэн (cut-mark) ул мөрийг хадгалсан яснаас гадна ямар нэг байдлаар огтлогдсон, ашиглаж байсан болох ясны үлдэгдэл их хэмжээтэй байгаа нь эртний хүний оюун санааны хөгжлийг тодруулах боломж байгааг харуулж байна. Малтлагаас илэрсэн залуу савагт хирсний шилбэний ясыг зассан байх ба түүн дээр хурц зүйлээр зүссэн дөрвөн зураас хадгалагдан үлдсэн нь сонирхолтой. ИБУИНВУ-ын Оксфордийн их сургуулийн лабораторид он цаг тогтоолгосон шинжилгээний дүн нь 39100±1000BP (OxA-34324) жилийн өмнө холбогдохыг тогтоосон. Энэ ясны дээд талаас илэрсэн адууны шаантгийн яс (Tibia) болон үхрийн далны яс (Scapula)-ыг Япон улсад AMS-ийн аргаар он цаг тогтоолгох шинжилгээ хийхэд 35630±180BP (IAAA-110745), 35070±180BP (IAAA-110746) жилд холбогдохыг тогтоосон. Энэхүү хоёр он цаг нь 95.4%-ийн магадлалаар одоогийн 41340~40353 болон 40905~39436 calBP жилийн өмнө, дээр өгүүлсэн 39100±1000BP он цаг нь мөн 95.4%-ийн магадлалаар 43086~39756 calBP жилийн өмнө холбогдож байна.

Рашаан хадны палеолитын үеийн өөр нэг чухал дурсгалын судалгаа бол хадны зураг юм. Рашаан хаданд дүрслэгдсэн савагт хирсийг 40.000 орчим жилийн тэртээ зурагдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Учир нь малтлагаас илэрч буй савагт хирсний амьдарч байсан он цаг энэ үед хамаарахаас гадна энэ бүс нутгаас буюу Хэнтий аймгийн төв Чингис хаан хотоос олдсон хирсний хоёр ясанд хийгдсэн он цаг тогтоох шинжилгээ мөн цаг үед буюу 36.190±690 (SR-8306), 36.080±680 (SR-8307) жилийн өмнө тогтоогдож байгаа нь үүнийг давхар баталж байна.

ЗҮҮН АЗИЙН ЭРТНИЙ УХААНТ ХҮНИЙ ГАРАЛ ҮҮСЛИЙН АСУУДАЛД

2006 онд Монгол орны зүүн хойд нутаг, Хэнтий аймгийн Норовлин сумын Салхитын хөндийгөөс алт олборлогчдын ажлын явцад нэгэн эртний хүний толгойн ясны дээд хэсэг олдсон. Энэ нь өвөрмөц хэлбэртэй гавлын чулуужсан ясны хэсэг бөгөөд тус бүс нутгаас анх удаа илэрсэн нэгэн шинэ олдвор болсон юм. Уг ясны онцгой хэлбэр төрхөөр нь түүнийг “Mongolanthropus” хэмээн нэрлэж шинжлэх ухааны эргэлтэд оруулж эртний неандертал хүний Homo erectus-ийн нэг хэлбэр хэмээн үзэж байв. Энэхүү хүнийг судалсан талаар хэд хэдэн бүтээл хэвлэгдэн олны хүртээл болсон. Харин 2019 онд ХБНГУ-ын Макс Планкийн хүрээлэнгийн Хувьслын антропологийн салбарт хийсэн судалгааны үр дүнд С14 шинжилгээгээр 33.900-34.950 жилийн өмнө холбогдох, генийн (mt) ДНХ шинжилгээгээр өнөөгийн Евразид өргөн тархсан N-хаплогруппэд багтахыг тус тус тогтоосон юм.

Салхитын хүний генийг 20.000 жилээс өмнөх үед холбогдох орчин үеийн хүний өвгийн генийн мэдээлэлтэй харьцуулан үзэхэд Баруун Европынхоос илүү, мөн 40.000 жилийн тэртээд холбогдох БНХАУ-ын Тяньюаны хүнээс ч илүүтэйгээр өнөөгийн Зүүн Ази болон Америкийн уугуул оршин суугчидтай ижилсэж байна.

Салхитын хүн болон Тяньюаны хүн нь бараг нэгэн цаг үед холбогдох боловч Баруун Европын хүнтэй холбогдох генийн шинжээрээ ялгагдаж байна. Судалгааны үр дүнд Салхитын хүний генд неандерталийн эзлэх хувь 1,7 байна. Салхитын хүн болон неандерталь хүний хоорондын хэлхээ холбоо нь 50.000-80.000 жилийн тэртээд холбогдох Хорватын Виндийн агуй, Сибирийн Чагырын агуйн хүнтэй илүү ойртож байгаа бол 120.000 жилийн тэртээд холбогдох Денисовын агуйн “Алтай”-н хэмээн нэрлэгдсэн неандерталь хүнтэй бага холбоотой болох нь тогтоогдсон.

Судалгааны үр дүнд 34.000 жилийн тэртээд холбогдох Салхитын хүн нь 40.000 жилийн тэртээд холбогдох Тяньюаны хүнээс илүүтэй Евразийн баруун хэсгийн эртний ухаант хүнтэй ижилсэж буйг тогтоосноос гадна Зүүн Азийн эртний ухаант хүн Денисовын хэмээн нэрлэгдсэн хүнтэй хавьталд орж дээрх бүс нутаг хүртэл тодорхой хэмжээнд тархсан байсныг баталж байна.

ПАЗЫРЫКИЙН СОЁЛЫН БУЛШНЫ СУДАЛГАА

Монголын төмөр зэвсгийн түрүү үеийг төлөөлөх гол дурсгал нь 1970-аад онд судалгаа хийгдсэн “Чандманийн соёл” болон Алтайн бүс нутагт тархсан “Пазырыкийн соёлын булшнууд” юм. Монгол Алтайн нурууны бүс нутагт одоогийн байдлаар 80 гаруй газарт 400 орчим пазырыкийн булшийг бүртгэн судалснаас 20 дурсгалт газарт 50 булшийг малтан шинжилсэн байна. Эдгээр дурсгалууд нь Орос Алтайд илэрч судлагдсан Пазырыкийн соёлтой нэг соёлын хүрээнд хамаардаг. Пазырыкийн булшны малтлага судалгааны дотроос 2006 онд Монгол-Орос-Германы хамтарсан төслийн хүрээнд малтлага хийсэн хүрээнд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Олон гүүрийн голд судалгаа хийсэн булш нь бүтэн хадгалалттай байснаар археологийн судалгааны явцад тэр бүр илэрч олддоггүй хувцас өмсгөл, бүрэн зэвсэгтэй дайчин эрийн оршуулга илэрч тэр жилийнхээ Дэлхийн шилдэг 10 нээлтийн нэгд тооцогдон олон улсад зарлагдаж байв. Олон гүүрийн голын олдворууд нь өдгөө Монгол Улсын хосгүй үнэт соёлын өвд бүртгэгджээ.

Пазырыкийн соёлын булшны судалгааг өргөн хүрээнд явуулсны үр дүнд тэдний амьдрал байнгын зэвсэгт тэмцлийн дунд байсан болохыг антропологийн судалгаагаар баталж улмаар түүхэн тэмдэглэлд бичигдсэн тоног авах ул мөрийг ч илрүүлсэн байна. Мөн палеозологийн судалгаагаар дагалдуулсан тахилгын малын зүсийг болон дан эр хүйсийнх байсан болохыг нь тогтоосон байна. Үүний зэрэгцээ эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл, уран чамин хийцтэй гар урлалын бүтээл болох малгай хувцасны гайхалтай сайхан сийлбэрүүд, сав суулга, зэр зэвсэг, дүнзэн бунхан, ховд зэргийг тус тус илрүүлсэн юм.

Пазырыкчууд бол хагас нүүдлийн мал аж ахуйг эрхэлдэг, тэдний амьдралд газар тариалан, загас агнуур тодорхой үүрэгтэй байжээ. Мөн өндөр хөгжсөн гар урлалтай байсныг булшнаас гардаг урлагийн бүтээлүүд гэрчилдэг. Тэд антропологийн хэв шинжийн хувьд монгол, европ төрхтний холимог бөгөөд жирийн иргэдийн хувьд европжуу төрх давамгайлдаг бол язгууртны дунд монголжуу төрх давамгайлдаг байжээ. Нийгмийн зохион байгуулалтын хувьд нарийн бүтэцтэй давхраажсан болох нь “хаадын булш” ба жирийн иргэдийн булшны хэмжээ, хэлбэр, дагалдуулсан эд өлгийн зүйлийн хувьд эрс ялгаатай байдаг зэргээс харагдана. Пазырыкийн соёлын он цаг түрүү төмрийн үе буюу НТӨ VI-II зууны эхэн үед хамаарна

ХАДНЫ ЗУРГИЙН СУДАЛГАА

Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбар “Хадны зургийн шинэ судалгаа” суурь судалгааны төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Монголын Говийн бүсийн хадны зураг дахь хүний нүүр дүрсэлсэн зураг бүхий дурсгалт газруудын байршлыг тогтоож баримтжуулахад голлон анхаарч ажиллаж байна. Судалгаагаар Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Номгон, Баян-Овоо, Ханбогд, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь зарим хадны зургийн дурсгалт газруудад судалгааны ажлыг хийж суурь судалгааны ажилтай холбогдох хадны зургийн байршлыг тогтоож гэрэл зураг авч баримтжуулах ажлыг хийсэн.

Дурсгалуудын тархалтын зургаас харахад Монголын говийн бүсийн хадны зураг дахь хүний нүүрний хэлбэр төрхийг дүрсэлсэн зураг шүтлэг бишрэлийн сэдэвтэй өвөрмөц дүрслэл, эртний хүмүүсийн сүсэг бишрэл, ертөнцийг үзэх үзэл, тодорхой төрлийн зан үйлтэй салшгүй холбоотой нь судалгаагаар тодорхой болжээ. Монголын Говийн бүс нутаг дахь хүний нүүрний хэлбэр төрх бүхий хадны зургийн дурсгалт газруудыг бүртгэн баримтжуулсан нь энэ төрлийн өвөрмөц дүрслэлтэй дурсгалуудын тархалт, хамрах хүрээг тогтооход чухал ач холбогдолтой ажил болсон юм.

Монгол орон хадны зургаас баялаг. Одоогоор бүх нутгийг хамарсан хайгуул судалгааны ажил хийгдэж амжаагүй боловч 500 гаруй дурсгалт газарт хэдэн мянгаар тоологдох хадны зургийн дурсгал илэрч тэмдэглэгджээ. Цаашид хүрээлэнгээс Монголын хадны зургийн дурсгалт газруудыг бүрэн хамруулсан цуврал бүтээлийг хэвлүүлэн гаргахаар бэлтгэл ажлыг эхлүүлж, бүсчилсэн судалгааны ажлуудыг хийж байна.

ЦАГААН АГУЙН ЧУЛУУН ЗЭВСГИЙН СУДАЛГАА

Монголын археологийн томоохон дурсгалд тооцогдох Цагаан агуйн малтлага судалгааг 1987-1989 онд МЗТСХЭ, 1995-2000 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан археологийн экспедици (МОАХАЭ) малтан судалж эрдэм шинжилгээний олон үнэ цэнэтэй хэрэглэгдэхүүн цуглуулан тодорхой үр дүнд хүрсэн явдал юм. Цагаан агуйн суурин Монгол орны нутаг дэвсгэрээс анх түрүү олдсон олон соёлт давхарга бүхий хуучин чулуун зэвсгийн үеийн бууц суурин бөгөөд энэ утгаараа ч монголын археологийн судалгаанд үнэ цэнэтэй дурсгалт газар юм. Цагаан агуйд хийсэн малтлага судалгааны үр дүнд Агуйн гол хонгил, бага хонгил, доод хонгилоос олон мянган чулуун зэвсгийн дурсгал илрүүлж, Монголын чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Цагаан агуйн малтлага судалгааг 2021 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан археологийн экспедици үргэлжлүүлэн гүйцэтгэж хуучин малтлагын давхаргуудаас он цаг тогтоох (OSL, C14), эртний ургамлын тоосонцор, биомаркер, гранулометр, изотоп, ДНХ тогтоох дээжүүдийг авч, агуйн хоёр хэсэг газарт шинээр сорьц малтлага хийж шинэ олдвор хэрэглэгдэхүүн олныг илрүүлээд байна. Чулуун зэвсгийн олдвор хэрэглэгдэхүүний зэрэгцээ олон тооны амьтны яс малтан гаргаж, төрөл зүйлийг тодорхойлсон нь чулуун зэвсгийн үеийн эртний байгаль газарзүйн орчин нөхцөл, амьтны аймгийг тандан судлахад чухал ач холбогдолтой юм. 2021 оны 2-р сорьц малтлагаас палеолитын эртний хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсан, одоо устаж үгүй болсон гиена, кноблохын тэмээ зэрэг амьтдын ясны үлдэгдлийг олж илрүүлсэн нь судалгааны чухал үр дүн боллоо.

bottom of page