top of page

Захирлын мэндчилгээ

Тус хүрээлэн нь Монгол улсын нутаг дэвсгэрт хүн үүссэн цаг үеэс бичгийн бүрэн сурвалжтай болох хүртэлх цаг хугацаанд хамаарах археологийн дурсгал, олдворыг судлан шинжлэх ажлыг хийдэг төрийн байгууллага юм.

Манай хамт олон Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цаг хугацааг урагшлуулж, хүрэл зэвсгийн эринд холбогдох археологийн шинэ соёлуудыг нээж, тулгар төр Хүннү гүрний язгууртны болон жирийн булш оршуулга, хот суурин, үйлдвэрлэлийн дурсгалт газарт судалгаа хийж, Түрэгийн хаад язгууртны тахилын онгон, Уйгурын их нийслэл Хар Балгасыг малтан шинжилж, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум болон Их Аураг ордон зэрэг Монголын эртний түүхийн олон дурсгалт газруудад шинэ нээлт судалгаа хийсэн мэргэжлийн археологич эрдэмтдийн томоохон цөм билээ. 

Бид Монголдоо төдийгүй бүс нутагтаа гадаад хамтын ажиллагааг үлгэр жишээ болохуйцаар хөгжүүлж ирсэн. Өдгөө тус хүрээлэн дэлхийн өндөр хөгжилтэй 16 гаруй орны 40 орчим эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, музей, их сургуулиудтай хамтын ажиллагаатай, жилд 30 орчим хамтарсан экспедицийг зохион байгуулж Монгол орны өнцөг булан бүрд хүрч ажиллаж байна. 

Археологийн хүрээлэн нь эртний дурсгал, соёлын өвийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэн олдвор, эх хэрэглэгдэхүүнийг хадгалж, судалгаа шинжилгээний ажлыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ түүнийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх үйлсэд ч идэвхтэй оролцдог юм. 

Монголын археологи, соёлын өвийн судалгаа, шинжилгээг үндэсний хэмжээнд тэргүүлэн, бүс нутгийн нөлөө бүхий эрдэм шинжилгээний байгууллага болж, олон улсын түвшний үйл ажиллагаа явуулах нь манай хүрээлэнгийн эрхэм зорилго бөгөөд энэ хүрээнд бид та бүхэнтэй нээлттэй хамтын ажиллагаа хөгжүүлэн ажиллахдаа таатай байх болно. 

 

Та бидний ажил, үйлс үргэлж өөдөө байх болтугай!

Хүндэтгэсэн

Археологийн хүрээлэнгийн захирал
(Ph.D) Доктор, дэд профессор  Г. Эрэгзэн

bottom of page